Зар

Pages

Search This Blog

Friday, July 23, 2010

Өвөөгийн ач

Хөгширч, ядарсан нэгэн өвгөн өөрийн хүү болон бэр, дөрвөн настай ач хүүгийн хамт амьдардаг байлаа. Өвгөний нас өндөр болж, гар хөл нь салгалж, нүд нь муу харж, бөгтийж явдаг болсон байв...
Эдний гэр бүлийнхэн оройн хоолоо идэхдээ бүгдээрээ ширээ тойрон суудаг заншилтай. Гэвч өвгөний гар нь салгалж, хараа нь муудсан учир хоол цайгаа асгаж цутгаж, халбагаа унагаж, ширээн дээр байгаа аяга тавгийг санамсаргүй түлхэж, ойр орчмоо бохирдуулж орхино. Үүнд нь хүү, бэр хоёр нь ихээхэн бухимддаг байв. Нэг удаа хүү нь уурлаж “Ийм бохир байдлаас залхаж гүйцлээ!” гээд, эхнэртэйгээ ярилцаад өвгөнийг ганцааранг нь өрөөний мухарт нэгэн жижиг ширээний ард суулгаж, хоолыг нь модон тагшинд хийж өгөх болов...

Гэрийнхэн ширээний ард баяр хөөртэйгөөр хооллодог байхад хөөрхий өвгөн ганцаараа, өрөөний мухарт чимээгүйхэн сууна. Бэр нь хааяахан нэг өвгөний сууж байгаа зүгт нүдний булангаар харахад өвгөний хацрыг даган нулимс урсдаг байлаа. Энэ явдлаас хойш гэрийнхний өвгөнтэй ярьдаг ганц үг нь, аяга халбагаа унагахад нь хашхирч загнадаг хараалын үг болон хувирсан юм. Энэ байдлыг тэдний дөрвөн настай хүү нь чимээгүйхэн харан сууна.

Нэгэн орой гэрийн эзэн бяцхан хүүгээ шалан дээр, нэгэн модны үндэстэй зууралдан, их л завгүй байхыг анзаарлаа. Тэгээд хүүгээсээ эелдэгхэнээр “Миний хүү юу хийж байгаа юм бэ?” гэхэд “Би ээж та хоёрт зориулан модон тагш хийж байна. Та хоёр хөгшрөхөөрөө эндээс хоолоо иднэ” гэж хүү гэнэн томоогүй зангаар хариулаад инээмсэглэн гарч одов.

Эхнэр, нөхөр хоёр юу хэлэхээ мэдэхгүй зогссон чигтээ гацаж орхилоо. Тэдний нүдэнд нулимс цийлэгнэж байв. Хоорондоо юу ч яриагүй хэрнээ, юу хийхээ сайн ухаарлаа.

Тэр оройдоо гэрийн эзэн хөгшин болсон аавыгаа гаран дээрээ өргөн, өөрсдийн сууж хооллодог гэр бүлийнхээ ширээний ард суулгав. Үүнээс хойш өвгөн дахин гэр бүлийнхэнтэйгээ нэг ширээний ард хооллож, хоол цайгаа асгаж цутгаж байсан ч хүүхдүүд нь уурлаж, бухимдахаа больсон юм.

0 comments:

Post a Comment