Зар

Pages

Search This Blog

Thursday, October 21, 2010

Сэтгэлийг минь зүрхээрээ мэдэр

Чамд би хайртай гэх хайрын шивнээ чихэнд минь үл сонсогддог ч
Чанга гэгч нь тэврээд халуун биеэндээ нуусан хайраа мэдрүүлдэгсэн
Сэтгэлээ илчилж, үнэнээ надад үл хэлдэг ч
Санасан сэтгэлээ шингээсэн хайраар гарыг минь зөөлөн атгаад үнсдэгсэн

Хүлээсэн хором, мөч бүхэн алсран оддог ч
Хүсэлт энэ орчлонгийн хаанаа ч юм бэ чи минь наддаа тэмүүлдэгсэн
Сэрүүн үдэш саран авхай одтой ханьсан хээр хоносон шөнөөр ч
Сэтгэлийн минь хаалгыг сэвхийтэл тогшоод ирдэгсэн

Бүүдгэр шөнө шиг сэмрэх хоосон орой зайг дүүргэхээр
Наран мишээх адил чиний минь хайр гийгүүлдэгсэн
Бэтгэртлээ хүлээн олон олон нойргүй хоносон урт шөнүүдийг аргаданхан
Наддаа чи минь бушуухан ирээд тэвэрдэгсэн

Ариун хөрсөнд тарьсан энэ л хайраа
Алган дээрээ тавиад энхрийлэн байж ургуулахсан
Адармаат хүний орчлонд соёолох хэнзхэн хайраа
Амраг чамтайгаа догдлон байж мөнхлөхсөн

Захидал

Үлдээсэн зурвасныхаа учиганд сэтгэлээ би шингээсэн байгаа
Үг, өгүүлбэр бүртээ алсад суугаа чамдаа итгэлээ би дайсан байгаа
Чамдаа зориулсан үгс бүрийн далдханд хүслээ би шивнэсэн байгаа
Чимчрэн өмөлзөх уруулийнхаа амтыг чичлэх цаастайгаа нисгэсэн байгаа

Огших зүрх минь догдлон байж зүрхээ чамд зориулсан байгаа
Огторгуйд гэрэлтэх нарандаа залбирч сүлд хийморийг чинь өргөсөн байгаа
Урсах халуун нулимсаараа гоёлын сувдан хэлхээд дугтуйлаад илгээсэн байгаа
Уйтгарт гуниг бүхнийг чинь сарниах гээд нандин бүхнээ судасны лугшилт мэт мэдрүүлсэн байгаа

Холын холд алслан одох шувуудад чамайгаа би захисан байгаа
Намар наашлах агшин бүрийн хүрдийг удаашруулаач гэж зунд би хүссэн байгаа
Хүлээх бүрт удаашрах цаг хугацааг хурдасгаач гэж бурханд би залбирсан байгаа
Надад тэмүүлэх тэр л их хайрыг хүлээнээ гэж амьдралд би амласан байгаа

Мөчийн төдийд чиний тухай хөврөх бодолоо
Мэлтийн гэрэлтэн саран авхайгаас нуун байж
Санан уйтгарласан хүлээлт бүртэйгээ цуг
Сүслэн байж захиа болгон чамдаа илгээлээ

Аялгуу билээ чи

Мэлмэрэн урсах бүлээн нулимс минь
Сэтгэлээс минь гарах бодлыг хэлхээс мэт
Мөрөөдөлт бодлын тэртээд тодрох чиний дүр
Сэвгүй хүслийн минь хайрын очыг бадруулагч мэт
Мөнхүү хайрын минь гүнд нуугдсан сувдан билээ чи
Мөнхийн залуу насны минь гал халуун дурлал билээ чи

Нимгэн будан хөшилдсөн гүн аниргүйн талд
Сэмрэх үүлсийн асгарах хур болон цутгах мэт
Нулимс нэвчсэн дэрний нуур болсон тогтоолд
Салан одох хос хунгийн харууслын гангах чуулах мэт
Навчисаа гөвөн бөхөлзсөн өвгөн моддын сэрчигнээн билээ чи
Найган савчих гунигт бодлын аялгуу билээ чи

Мичид түгсэн шөнийн уртад тэргэл саран надтай ханьсан
Тэртээ бодлын нэг л хүслэн чамайг л надаас нэхэн гэрэлтэх мэт
Мөч бүрийн урагшлах хором бүр надтай ханьсан
Тэмүүлэх зүрхны ганц л цохилт чамайг л гэж лугшин хүлээх мэт
Инээвхийлсэн царайнд минь тунарах мишээл билээ чи
Итгэлийн наранг сэтгэлд минь гийгүүлсэн хайр билээ чи

Сүүн бодлын минь гүнд нуугдсан аз жаргалыг сэрээх чиний хайр
Бэдэртсэн талд дураар тэнүүчлэх орь ганц цуурай мэт
Сүлэн залбирч итгэлдээ чамайг л хүлээсэн энэ л хайр
Бүсгүйн заяанд минь учирсан тодоос тод тамга мэт
Нандин хүслээс минь эгшиглэх утсыг хөндөх аяз билээ чи
Нанчид зооглон хөлчүүрхэд сархадын ааг, онгодын охь билээ чи