Зар

Pages

Search This Blog

Friday, July 23, 2010

Шийдвэр гаргахад яарах хэрэггүй

Нэгэн тосгоны өвгөн байжээ. Маш ядуу юм санж. Гэвч хаан хүртэл түүнд атаархдаг байжээ… Учир нь өвгөн үгээр хэлшгүй, үзгээр дүрслэшгүй тийм сайхан цагаан морьтой гэнээ. Хаан тэр морийг авахын тулд бүх хөрөнгийнхөө бараг талыг амласан боловч өвгөн огт халгаахгүй байлаа. “Энэ чинь морь биш, миний найз. Хүн найзаа зардаг юм уу!” гэдэг байв.
Нэг өглөө бостол өвгөний өнөөх сайхан цагаан морь алга болсон байлаа. “Ээ азгүй зөрүүд хөгшин! Ийм сайхан морийг юу гэж зүгээр орхих вэ дээ! Хаанд л зарах байсан юм. Тэгсэн бол өдийд насаараа идээд барахгүй хөрөнгөтэй сууж байхгүй юу?. Одоо морь ч үгүй, мөнгө ч үгүй хоцрох чинь энэ дээ!” гэж халаглацгааж байв. Өвгөн, “Яарч шийдвэр гаргаж болохгүй. Морь ердөө л алга болсон байна шүү дээ. Морь алга болсон нь үнэн боловч бусад нь та нарын тааж гаргасан шийдвэр шүү дээ. Миний морины алга болсон нь үнэхээр азгүй явдал уу эсвэл аз завшаан уу гэдэг нь одоогийн байдлаар тодорхой биш байна шүү дээ. Энэ бол зөвхөн эхлэл. Дараа нь юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ.” гэлээ. Тосгоныхон өвгөнийг шоолон инээлдэж, энэ өвгөн зөнөсөн байхаа гэцгээж байв.
Гэтэл тун удалгүй 15 хоногийн дараа алга болсон морь эзэнгүй олон адуу дагуулсаар буцаж иржээ. Морийг хэн ч хулгайлаагүй байсан бөгөөд ууланд гарч зэрлэг адуун сүрэгтэй нийлээд тэднийг хураан дагуулан ирсэн байжээ. Тосгоныхон өвгөнөөс уучлалт гуйж “Таны зөв байжээ, морины алга болсон нь тийм ч муу зүйл биш, харин ч аз завшаантай хэрэг болсон байжээ. Одоо бүр сүрэг сайхан адуутай боллоо шүү дээ.” гэцгээж байлаа. Харин өвгөн, “За даа, та нар зөвхөн морь буцаж ирлээ гэж хэл. Цаашдаа юу болохыг хэн ч мэдэхгүй шүү дээ. Энэ бол бас л зөвхөн эхлэл. Зөвхөн эхний хуудсыг уншаад бүхэл бүтэн номны талаар шийдвэр гаргаж болохгүй шүү дээ” гэв. Энэ удаа тосгоныхон өвгөнийг шоолж инээлдсэнгүй. Харин дотроо энэ өвгөн бага зэрэг хэнхэг юм гэж бодоцгоогоод өнгөрчээ.
Энэ явдлаас долоо хоног ч өнгөрөөгүй байтал өвгөний ганц хүү зэрлэг адуунаас нэгийг сургах гэж байгаад унаж хүнд бэртжээ. Тосгоныхон энэ удаа “Ганц хүү чинь удаан хугацаагаар босч явж чадахгүй. Ингээд тахир дутуу ч болж магадгүй. Гэтэл танд өөр хэн ч байхгүй. Таныг одоо хэн асран халамжлах вэ? Та ч хэцүү байдалд орлоо доо.” гэцгээлээ. Өвгөн, “Та нар ямар сонин хүмүүс вэ! Яарч дүгнэлт гаргах өвчин туссан юм уу!” гэж уцаарлав. “Миний хүүгийн хөл хугарсан. Тэгээд л боллоо. Амьдралд юу тохиолдохыг хэн ч мэдэхгүй. Одоо зөвхөн энэ л тодорхой байна. Өөр юу ч тодорхой биш.” гэлээ.
Тун удалгүй хаант улс руу харийн дайсан довтолж гэнэ. Хаан, эрхтэн бүтэн бүх эрчүүдийг цэргийн албанд дууджээ. Тосгоныхон гашуудалд автацгаав. Учир нь энэ дайнд ялах магадлал тун бага байлаа. Дайнд явсан залуучууд нэг бол амь үрэгдэнэ, эсвэл олзлогдоно гэдгийг бүгд мэдэж байлаа. Тосгонынхон мөн л өвгөн дээр ирэн, “Та ч азтай юмаа. Таны хүү хөл нь хугарсан ч гэсэн дэргэд чинь байна. Харин бидний хөвгүүд дайнаас эргэж ирэхгүй. Таны зөв байжээ. Хүүгийн хөл хугарсан нь үнэндээ бол азтай хэрэг байжээ.” гэцгээв. Гэтэл өвгөн, “Миний хүүгийн хөл нь хугарч, та нарын хөвгүүдийн дайнд явсан үнэн. Харин аль нь үнэхээр сайн болохыг хэлэх нь дэндүү эрт байна. Юу болохыг Бурхан л мэднэ шүү дээ. Яарч дүгнэлт гаргаад хэрэггүй гэж би та нарт хэлдэг шүү дээ.” гэжээ.
Шууд дүгнэлт гаргах нь толгой ажиллахыг зогсоодог. Дүгнэлт гаргасан бол толгой ажиллахаа больж, тэр талаар бодохоо больдог. Гэсэн хэдий ч хүний тархи байнга дүгнэлт гаргахын тулд ажиллаж байдаг. Учир нь байнга нэг юмны талаар тодорхой дүгнэлтэд хүрч чадахгүй байх нь хүнийг тавгүйтүүлдэг учраас.
Харин амьдрал үргэлжилсээр байдаг. Гэнэтийн явдлаар дүүрэн… Нэг хаалга нээгдэхэд, өөр нэгэн хаалга хаагдана, харин нэг нь хаагдахад таны санаанд ороогүй өөр нэгэн хаалга нээгдэнэ. Та нэг оргилд хүрээд хартал яг хажууханд чинь өөр нэгэн арай өндөр оргил байгааг харна.

0 comments:

Post a Comment