Зар

Pages

Search This Blog

Tuesday, August 16, 2011

Миний эмээ

Сүү нэвчсэн дээлний тань энгэрт

Сураг хол ч тоглож өссөн үрсээ

Сүмийх алсын бараанаас саравчлан ширтээсээр

Сэвхийтэл ороод ирхийм шиг хичнээн хүлээгээ бол

Уймгар гэрийнхээ чөлөөнд

Урт хожидын бодолдоо ээнэгшин

Галын нөмөрт хорогдон борхироод

Борхон, шаргал цайгаа дээжлээд төчнөөн суугаа бол

Сэтгэлийн дулаанаараа өөрийгөө бүлээцүүлэж

Сэнгэнэтэл санаа алдаад дуугаа аялахдаа

Тэртээх он жилүүдэд жавхаалаг нэгэн байсанаа

Бүүр түүрхэн мэт бодолдоо өнжүүлэн аядуухан дуулаа бол

Үрийн үрсээ хэмээн өмөөрөхдөө

Үйл, аалийг хослуулан ухаан шаглаж

Өмгөр хошуугаа дэвсэн аргадахдаа

Өөрөөсөө илүүтэй биднийгээ хэмээн ямархан сэмрээ бол

Эрдэнэ бүхнийг хураасан юм шиг баясан

Эгээл нэг сангийн эзэн мэт хормойгоо дэвсэн суугаад

Бор авдраа тос даатал эргүүлдсээр

Бөгтөгнөн бөхийж алаг чихэрээ бидэндээ хишиг мэт буман түгээгээ бол

Мойног суусан ч ариун сэтгэлийн хүчээрээ

Маани тоолон, эрх эргүүлэж

Айл болохдоо хоймортоо залсан

Арслантай хос авдарныхаа дээрхи хүрдийг эргүүлэж өчнөөн залбираа бол

Нимгэн будан хөшилдсөн аниргүй талд

Навчисаа гөвөн бөхөлзөн

Өвгөн модод л эмээд минь зориулаж

Өвч халуун сэтгэлээрээ ханьссан байхдаа

Намар наашлах агшин бүрийн хүрдийг

Найган савчих аялгуу шиг хичнээн дууллаа гээд

Насны толгод хаяанд нь өлмийдсөн

Нэг л заяах хүний орчлон эгээрэхгүй л байхдаа

Сэмжин үүлсийн зайнаас ч

Сэтгэлдээ ширгэ хийн домнодог , миний эмээ

Зүүд зөнгийн диваажинд минь эвийлэн энхрийлэж

Зөөлөн зөөлөн бүүвэйлэн хурайладаг, миний эмээ

Буман жилийн хойчдоо

Буянаа түгээсэн

Буурал эмээг минь

Бурхад, дээдэс минь өршөө

2011-08-16

Нүдний аяганд нулимс торж, сул асгараад

Эмзэгхэн сэтгэлт зүрх хагсаад

Нэг л заяах хүний орчлонд хүйн холбоот

Эмээгээ, ээжээ санан санан бичлээ би

2 comments: