Зар

Pages

Search This Blog

Tuesday, August 16, 2011

Миний эмээ

Сүү нэвчсэн дээлний тань энгэрт

Сураг хол ч тоглож өссөн үрсээ

Сүмийх алсын бараанаас саравчлан ширтээсээр

Сэвхийтэл ороод ирхийм шиг хичнээн хүлээгээ бол

Уймгар гэрийнхээ чөлөөнд

Урт хожидын бодолдоо ээнэгшин

Галын нөмөрт хорогдон борхироод

Борхон, шаргал цайгаа дээжлээд төчнөөн суугаа бол

Сэтгэлийн дулаанаараа өөрийгөө бүлээцүүлэж

Сэнгэнэтэл санаа алдаад дуугаа аялахдаа

Тэртээх он жилүүдэд жавхаалаг нэгэн байсанаа

Бүүр түүрхэн мэт бодолдоо өнжүүлэн аядуухан дуулаа бол

Үрийн үрсээ хэмээн өмөөрөхдөө

Үйл, аалийг хослуулан ухаан шаглаж

Өмгөр хошуугаа дэвсэн аргадахдаа

Өөрөөсөө илүүтэй биднийгээ хэмээн ямархан сэмрээ бол

Эрдэнэ бүхнийг хураасан юм шиг баясан

Эгээл нэг сангийн эзэн мэт хормойгоо дэвсэн суугаад

Бор авдраа тос даатал эргүүлдсээр

Бөгтөгнөн бөхийж алаг чихэрээ бидэндээ хишиг мэт буман түгээгээ бол

Мойног суусан ч ариун сэтгэлийн хүчээрээ

Маани тоолон, эрх эргүүлэж

Айл болохдоо хоймортоо залсан

Арслантай хос авдарныхаа дээрхи хүрдийг эргүүлэж өчнөөн залбираа бол

Нимгэн будан хөшилдсөн аниргүй талд

Навчисаа гөвөн бөхөлзөн

Өвгөн модод л эмээд минь зориулаж

Өвч халуун сэтгэлээрээ ханьссан байхдаа

Намар наашлах агшин бүрийн хүрдийг

Найган савчих аялгуу шиг хичнээн дууллаа гээд

Насны толгод хаяанд нь өлмийдсөн

Нэг л заяах хүний орчлон эгээрэхгүй л байхдаа

Сэмжин үүлсийн зайнаас ч

Сэтгэлдээ ширгэ хийн домнодог , миний эмээ

Зүүд зөнгийн диваажинд минь эвийлэн энхрийлэж

Зөөлөн зөөлөн бүүвэйлэн хурайладаг, миний эмээ

Буман жилийн хойчдоо

Буянаа түгээсэн

Буурал эмээг минь

Бурхад, дээдэс минь өршөө

2011-08-16

Нүдний аяганд нулимс торж, сул асгараад

Эмзэгхэн сэтгэлт зүрх хагсаад

Нэг л заяах хүний орчлонд хүйн холбоот

Эмээгээ, ээжээ санан санан бичлээ би

Thursday, August 4, 2011

*****************Охиндоо**************

Өөдөсхөн үрээ гэртээ орхисон ч
Өр зүрх минь хамт байгаа шүү битгий айгаарай
Хонгорхон үрээ ганцаарангий нь орхисон ч
Хамт байгаа шүү сэтгэл санаа минь

Сүүмгэрт бодолд охин минь эгдүүцвэл бүү эмээгээрэй
Сэвтээн үгүй сэтгэлийг нь ээж нь хурайлаад домночихноо
Жавартай өглөө, жиндүү салхитайд ч
Жижигхэн гараас нь ээж нь атгаад дуулаацууланаа

Гэнэн хонгор нас нь
Гэгээн тунгалаг оюунаар солигдоод, учигийг ялгахын цагт
Цэнгийн тогоруу шиг нүүдэллээд явахтай адил хэмээн сэтгээд
Цэцэг шиг үрээ цацах цагт л уужрах байх даа ээжийнх нь сэтгэл

Сэмхэн чамайгаа харахаар
Сэтгэл минь өөрийгөө тольдох шиг гайхалтай
Саруул гэгээн бүхнийг
Сэхүүн салхиар дамжуулан охиндоо би хүсье

********* Хүмүүний эргэх хүрдэн **********

Өглөө бүр би
Нарыг бас тэнгэрийг ажиглах бүрийд
Өмөлзөх бүрт минь
Намайг гэх эжий шиг минь хайраар шагнадаг юм.

Гэгэлзэх сэтгэлтэйгээ би
Нааш цааш хэмээгээд дэнслэх бүрийд
Гэгээн тунгалаг мэлмийгээ нээгээч гэж
Надад хэн нэгэн шивнэн ухаан надад хайрладаг юм.

Алхам хором бүхэнтэй би
Хамт байхийм шиг сэтгэх бүрийд
Алтан дэлхийн хүрдэнтэй үүрд эргэх юм шиг
Хөнгөн сэтгэжээ хэмээн цаг хугацаа шивнэдэг юм.

Үдэш бүр би
Тэнгэрт түгэсэн одод саран авхайтай
Үүр цайтал надтай ханьсахад
Тэнэгэр уужим сэтгэлтэй аав шиг минь нөмөрлөдөг юм.

Цаг хугацааны эргэлтэнд учиг сүвлэсэн
Нэгэн тохиох амин заяа
Цуцал боловч хүслээрээ жигүүрлэх
Нартад ерөөлтэй хүмүүн заяа